Олле гэдэг нь Чежүгийн эртний аялгаар “Гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам” гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д  2006 оноос хойш Чежу арлыг  тойрсон 26 чиглэлийн 425 км аяллын замыг тэмдэгжүүлсэн байна. Олле явган аяллын төрөл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг гэдгээрээ онцлогтой. Япон улсад тус төслийн 7 дахь явган аяллын зам нээгдэж байгаа ба Монгол улсаас гадна Канад, Швед улсууд мөн олле явган аяллын стандартын замтай болоод байна.

Япон улсад нээгдсэн тус явган аялалын замын нээлтэнд БНСУ, БНХАУ, БНТУ, Грек, Монгол зэрэг нийт 6 улсын 300-гаад аялагч нар оролцлоо. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар болон “Чежу Олле”нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу Горхи Тэрэлжийн БЦГ болон Богд хан уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, өнгөрсөн жилийн 6 дугаар сард тэмдэгжүүлж, нээлтээ хийсэн билээ. Цаашид олле стандартын явган аяллын чиглэлийг нэмэгдүүлж, сайжруулах нь дотоодын болон гадаадын жуулчдыг татах аялал жуулчлалын нэгэн бүтээгдэхүүн болох юм.