Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран Олон улсын төмөр замын зорчигч тээвэрлэлтийн үйлчлэгч нарт хилийн бүсийн мөрдөгдөх дүрэм журмын талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад төмөр замын вагоны дарга, үйлчлэгч нийт 256 хүн хамрагдлаа.

Сургалтаар Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын гаалийн улсын байцаагч Б.Одгэрэл зорчигчийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн барааны хэмжээ, нэвтрүүлэхийг хориглосон бараа, гаалийн улсын байцаагчийн хилийн бүсэд ажиллахдаа мөрдөх журам, зорчигчид болон төмөр замын ажилтнуудад тавих шаардлагын талаар мэдээлэл өгсөн бол Хил Хамгаалах Ерөнхий газраас Хилийн шалган нэвтрүүлэх газрын хойд хилийн боомт хариуцсан офицер, дэд хурандаа Д.Түвшинцэнгэл хилээр нэвтэрсэн галт тэргийг шалгах, хилээр нэвтэрч буй зорчигчийн шалгах процессын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин олон улсын төмөр замаар зорчиж буй гадаадын жуулчдад тохиолддог түгээмэл бэрхшээлүүдийн талаар мэдээлэл өгч, сургалтын цахим материалууд болон сургалтад оролцогчдоос асуусан асуулт, гаргасан саналуудыг хураангуйлж гарын авлага болгон хэвлүүлж, вагон дотор байрлуулах ажлыг зохион байгуулахыг мэдэгдлээ.

Төмөр замын ажилчид хилийн бүсэд хяналт шалгалт хийх дүрэм, журмын талаар мэдээлэлтэй болсноор зорчигчдыг мэдээллээр хангахаас гадна гадаад, дотоодын иргэд гэмт хэрэг, зөрчилд өртсөн тоо тодорхой хэмжээгээр буурна гэж хүлээгдэж байна.