Монгол улсад 2016-2017 оны хичээлийн жилд гадаад орнуудаас бакалавр, магистр, докторын түвшинд  1520 оюутан  38 их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд эдгээрийн 969 нь БНХАУ-ын суралцагчид байна. Улс орон бүр харилцан адилгүй визний нөхцөлтэй бөгөөд БНХАУ-ын иргэдийн хувьд сургалтын визээр нэг л удаа орж гарах хуулийн зохицуулалтаар орж ирдэг. Амралт, баяр наадмын үеэр болон бусад шалтгаанаар хилээр зорчих шаардлага гарвал тухай бүрт виз мэдүүлж 10-15 хоног хүлээдэг байдал суралцагчдад чирэгдэл учруулж байна.

18426335_1332466000163204_1055368792_oИймээс Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гадаадын Иргэн, Харьяатын газартай хамтран гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цагийг санаачилж, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж эхэллээ. Эхний мэдээллийн цагийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр МУБИС-ын Төв байрны хурлын зааланд зохион байгууллаа.

Мэдээллийн цагт БНХАУ-аас Монгол Улсын Боловсролын Их Сургуульд суралцаж буй 110 гаруй оюутан хамрагдсан бөгөөд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын Иргэн, Харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд, танилуудаа Монголд урих талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.  Цуврал уулзалт, мэдээллийн цагийг үргэлжлүүлэн МУИС, АШУИС, СУИС, Хөгжим бүжгийн коллежид зохион байгуулах юм байна.