Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын IV хуралдаан энэ сарын 22-25-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод зохион байгуулагдлаа.    

Тус хуралдаанд Монголын талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан Улаанбаатар хот, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгийн албаны болон аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн 50 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын салбарын сайд нарын анхдугаар хуралдаанаар 2016 онд “Цайны зам”-ын олон улсын холбоог байгуулсан ба тус холбоонд Улаанбаатар хот, Дорноговь аймаг, Дорнод аймаг, Хятадын 11 муж, Оросын 5 муж, хот гишүүнээр элссэн байсан бол энэ удаагийн арга хэмжээний үеэр Сүхбаатар аймаг гишүүнээр элсэн батламжаа авлаа.

Хуралдааны үеэр “Цайны зам”-ын аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг дээшлүүлэх, үүнд гурван улсын төрийн бодлогыг үр дүнтэй чиглүүлэх, иргэд харилцан жуулчлах нөхцлийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг сайжруулах, дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлан таниулах, хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал дэвшүүллээ.

Гурван тал аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хийгдсэн болон хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар танилцуулж, хурлын протоколд гарын үсэг зурлаа. Мөн “Цайны зам”-ын соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэчлэл форум, “Цайны зам”-ын соёл аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдав.  

Монгол Улсыг зорин ирдэг жуулчдыг ОХУ, БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. 2018 онд ОХУ-аас 129 094 жуулчин, БНХАУ-аас 163 991 жуулчин аялсан нь өмнөх оныхоос 17,2 болон 12,1 хувиар тус тус өссөн байна.