Монгол Улсад такси үйлчилгээ анх үүсэж хөгжсөнөөс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Эдүгээ Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй такси үйлчилгээ эрхэлж буй 10 компанийн 600 орчим такси байна. Эдгээр байгууллагууд “Таксийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартыг мөрдөн ажиллаж 1.5 сая хүн амтай их хотын завгүй иргэдэд түргэн шуурхай, найдвартай үйлчилгээг үзүүлж байна.

Албан ёсны бүртгэлтэй таксигаар үйлчлүүлснээр зөв талдаа жолооны хүрдтэй, төлбөрийг баталгаатай хэмжих таксиметртэй автомашинаар үйлчлүүлэх, эд зүйлээ мартсан тохиолдолд эргээд олох, нэгдүгээр эгнээгээр түргэн шуурхай зорчих давуу талтай юм.

Үүнээс гадна Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаадын жуулчид нисэх онгоцны болон төмөр замын буудалд буугаад такси үйлчилгээг сонгодог. Иймд зочлох үйлчилгээний салбарт хамаарагдах такси үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Харилцааны ур чадвар, хандлагын хүч” сургалтыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компанийн 200 жолооч хамрагдаж инээмсэглэл, биеийн хэлэмж, хандлага мөн урам зоригтой ажиллах, эрсдэлийн менежмент ба цагийн менежмент, стрессийг даван туулах зэрэг үйлчлүүлэгчид соёлтой боловсон үйлчлэх арга техникийг эзэмшлээ.