Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалт болж байна. БОАЖ-ын сайдын санаачлагаар аялал жуулчлалын салбарынхны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж БОАЖЯ, НАЖГ болон орон нутгын БОАЖЯ-ны аялал жуулчлалын газрууд ирэх жилүүдэд хийгдэх ажлын төлөвлөгөөг салбарын төлөөллүүдэд танилцуулан ирэх онуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Ингэснээр Нийслэл хот болон аймаг сумдын эвент арга хэмжээг тодорхой болгож цаг хугацааг тогтворжуулах, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний стандартыг чанаржуулах, гадаад сурталчилгаа зорилтод зах зээлд нэгдмэл байр суурьтай болох, мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг цаашдын салбарын чиг хандлагыг энэхүү зөвлөлдөх хуралдаанаас гаргаж БОАЖЯ-ны бодлого зохицуулалтын газраас зөвлөлөөс гарсан саналыг нэгтгэн гаргах юм.

Нийслэлийн аялал жуулчлалын газраас тус зөвлөгөөнд 2019 оны үйл ажиллагаанд тусгасан үндсэн чиглэлийг танилцуулж оролцоо.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар хэрэгжүүлж буй “Алтан Гурвалжин-Хөгжлийн бүс” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас тус зөвлөгөөнөөр Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотын Аялал жуулчлалын газрын төлөөллүүдтэй уулзан дээрх хөгжлийн бүсийн хүрээнд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санал солилцлоо.

“Алтан Гурвалжин-Хөгжлийн бүс” хөтөлбөрийн гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийг сайжруулан төвийн бүсийн Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршжээ.