Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор долоодугаар сарын 10-ны өдөр 12 дахь жилдээ зохион байгууллаа.  

IMG_5580

Тус наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болжээ. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ын Ордос болон Дээд монголын зочид төлөөлөгчид оролцлоо. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчид Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлтой танилцлаа.

IMG_5616

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулснаас гадна, эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг оролцогчдын дунд зохион байгууллаа. Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.

IMG_5645

Оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүргийн байрыг Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг дэд байр, Чингэлтэй дүүрэг гурав дугаар байрыг тус тус эзэллээ.

Хамгийн сайхан дээлтэй хосын тэргүүн байрын шагналыг Мөнхбадрал гэргийн хамт, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогчоор БНХАУ-ын иргэн Шин Шэ Дун, Цэцэнхуар нар, шилдэг үндэсний хувцастай эрэгтэй оролцогчоор Баянбат, шилдэг эмэгтэй оролцогчоор Эрдэнэцэг, шилдэг хүүхдүүдээр Хүсэлбаяр, Мичид-Эрдэнэ нар шалгарлаа.

IMG_5668

Шилдэг байгууллагаар баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт, идэвх, санаачлага, жагсаалын зохион байгуулалтаараа онцгойрч  “Амин тоонто” ТББ тодров.

“Дээлтэй Монгол” наадмын баярын параданд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцож Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулахаас гадна хамт олны эв нэгдэл, эрч хүч, зохион байгуулалтаараа үзэгч олныг алмайрууллаа.

IMG_5671