ЖУУЛЧИД ЗОРИН ОЧИХ ШИНЭ ГАЗАРТАЙ БОЛЛОО

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх Ю.Цэдэнбалын талбайд боллоо.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хот бол Монгол улсад зочлох жуулчдын угтан тосож, үдэн гаргах өргөө, үүд хаалга нь төдийгүй түүхэн уламжлалаа хадгалсан хирнээ, орчин үеийн метрополис хот болон хөгжиж байна. Энэхүү бэлгэ тэмдэг нь Улаанбаатар хотын эерэг дүр төрхийг дэлхийд таниулсан, нийслэл хотын иргэд болон гадаад дотоодын жуулчдын зорин очих газрын нэг болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

IMG_7308

Дэлхийн хотууд өөрсдийн брэнд логог бий болгож сурталчилгаандаа ашиглан тухайн хотыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлдэг байна. “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэнд логоны Улаанбаатар хотын нэрийг бичсэн фонт нь энгийн бус, уран бичлэгтэй бол улаан өнгө нь хүний анхаарлыг татаж дулаан таатай сэтгэгдэл үлдээн, баяр баясал төрүүлэх онцлогтой ажээ.

Нидерланд улсын нийслэл Амстердам хотыг илэрхийлэх “I amsterdam” бэлгэ тэмдэг нь нь дэлхийн хамгийн олон хүнд хүрсэн таних тэмдгийн нэг бөгөөд анх 2004 онд бүтээгдэж тус хотыг жилд 18 гаруй сая жуулчин хүлээн авдаг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч хотын нэг болоход нөлөөлсөн хөгжлийн нэгээхэн хөшүүрэг юм. Тус бэлгэ тэмдэг нь жуулчдын хамгийн их очдог Рейкс музей, Винсент Ван Гог болон Стеделейк музейн дэргэд байрладаг ба богино хугацаанд тус хотыг илэрхийлсэн бэлгэ тэмдэг болж жуулчдын заавал очиж үздэг газрын нэг болсон байна.

Мөн БНСУ-ын Сөүл хотын Хан голын эрэг дээр байрлах I•SEOUL•U бэлгэ тэмдэг нь Сөүл хотын иргэдийн төдийгүй гадаад дотоодын жуулчдын зорин очдог аялал жуулчлалын брэнд юм. 2015 оноос эхлэн энэхүү бэлгэ тэмдэг Сөүл хотын дүр төрхийг эерэгээр таниулж дэлхийд сурталчилж байна.

IMG 7299 IMG 7309 IMG 7314 iseoulu 01 ams

 

Нийслэлийн хэмжээнд нийт 230 гаруй хөшөө дурсгал, түүхт газрууд байдгаас хувь хүний болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлийн зориулалтаар бүтээсэн 80, түүх соёлын ач холбогдол бүхий дурсгалт газар байрлуулсан 50 гаруй уран баримал, хөшөө байдаг байна. Харин тус бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.

Уг бэлгэ тэмдгийн бүтээх ажлыг “Б.Ц.Х.Ц” ХХК-иар гүйцэтгүүлсэн бөгөөд  U, L, B, T  үсэгнүүдийн хэмжээ 170 см бол бусад үсэгнүүд 108 см, нийт урт нь 1025 см ба суурь нь 20 см өндөртэй ба нэг сарын хугацаанд металл төмөр материалаар бүтээжээ.

Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Уг зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээв.

“Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь хотын гудамж талбайн өнгө төрхийг нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжийг чимсэн бүтээлийн нэг болжээ. 

Capture

ЖУУЛЧИД ЗОРИН ОЧИХ ШИНЭ ГАЗАРТАЙ БОЛЛОО Reviewed by on . Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын дра Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийн нээлт өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын дра Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top