Тоньюкукийн гэрэлт хөшөөний дурсгал буй газар Музей байгуулагдахаар боллоо.

зураг2

зураг1

Туркийн Засгийн газар болон болон Тика олон улсын агентлагийн дэмжлэгээр Налайхаас цаана байрлах Эртний Түрэгийн хаант улсын 3-н хааны мэргэн сайд, зөвлөх нь байсан Тоньюкукийн гэрэлт хөшөөний дурсгал байгаа тэр байршил дээр Музей байгуулагдахаар болсон байна.   /зураг 1,2/ 

зураг5

зураг4

Өчигдөр буюу 10.9-нд Соёлын өвийн сан дээр Музейн баримжаа, тавигдах шаардлагуудыг баримт, бичигт санал оруулах уулзалт боллоо. Өмнө нь Орхоны хөндийн Билгээ хааны онгоныг шинжлэн малтахдаа хажуу талд нь барьсан Музей гэхэд хэцүү агуулахад шилжүүлэн байршуулж байгаад малтлага хийсэн бөгөөд түүхийн олон дурсгалт зүйл олдсон хэдий ч анхны байршлаас нь хөдөлгөсөн нь учир дутагдалтай байсан бололтой. /зураг 5,6/

Дэлхий нийт иймэрхүү олдворууд малтан шинжлэхдээ дээр нь байшин барьж судалдаг тэр чиг хандлагыг дагаж байна. Хятадууд далаад онд олдсон Хиан хотын шавар цэрэг армийн нээлтээ дээр нь байшин барьж Музей болгон бас малтаж шинжлэх ажил нь дуусаагүй байна. зураг3

/зураг3/

Дээр нь баригдах Музей нь Хятадын Хиан хотынхтой ойролцоо дуу хэлбэртэй Өвөл, зунгүй ажиллах юм байна. Уртаараа 100 орчим метр, өргөнөөрөө 60-70 метр гэсэн. 3-4 жилийн дараа баригдаад ашиглалтад орчихвол бас нэг үзүүлэх юмтай болох нь. Хүн Музей үзээд хязгаарлагдсан бүсийн гадуур явж байхад дотор нь ажил ид хэдэн ч жил тайван малтсан ч болох. Аялал жуулчлал хөгжүүлэхэд, дотоод гадаад иргэдийг татах, зорин очдог газар болгохын тулд 10-с дээш ОО-той, мини кино театртай/насанд нь тааруулсан 4-5 төрлийн Монгол, Түрэг, Уйгарын түүхийн тухай кинотой/, бага насны хүүхдүүд тоглож зугаацах талбайтай, өвөл цагт тэмцээн уралдаан явуулах боломжтой байвал сайнсан гэж санаагаа хэллээ. Хамгийн гол нь Түрэг улс гэж хэн юм бэ хаанаас ирээд хаашаа явсан бэ гэдэг холбоосоо сайн хийж өгөхгүй бол хүн бүхэн судлаач, түүхчид биш дунд сургуулийн хүүхдүүд Музей үзээд гарч ирээд бид нар чинь Түрэг юм уу гэх асуултад олонтой гарна. Орхоны хөндий Музей үзсэн насанд хүрсэн хүмүүс хоорондоо тэгж ярилцаад явж байхыг сонсож байсан. Нирун,Түрэг, Уйгар улс гэж хэн бэ хаанаас ирээд хаашаа дайжсаныг товчлон тайлбарлав.

                          Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин

Нирун улс. 330-555 он
Нирун улс(хятадаар:Жужан улс) нь Хүннү, Сүмбэ нарын шууд залгамж болсон, 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг улс юм. Язгуур монголчуудын шууд өвөг, нирунчуудыг зарим түүхэнд хүннүгээс, зарим сурвалжид дунхугаас (сяньбигаас) гаралтай гэж бичжээ. Сяньбийн угсааны Тоба улс(Түрэгүүд тэднийг табгач гэж хойшид нэрлэнэ) хойд Хятадыг(Northern Wei, Хойд Вэй улс нэрээр 386-535 онд, Хожим баруун зүүн Вэй нэрээр 535-557 онд) эзлэн авсаныхаа дараа аажимаар хятаджиж эхэлсэн тул хятад заншлаар хөрш улс үндэстнүүдийнхээ нэрийг гуйвуулан өөрчилдөг байв. Иймээс тэд говиос хойших монголчуудыг “роуран” гэж нэрлэжээ./зураг 6-г оруулав/.

Нирунчууд 460 онд Турфаныг довтолж, ашина овгийн 500 өрх төмөрчдийг олзлон авч, Алтайд суулгаж төмрөөр алба авах болсон нь хожим 552 оноос бусад Түрэг аймгуудыг нэгтгэн манлайлан босч улмаар Нирун улсыг 555 онд унаган Түрэгийн хаант улсыг байгуулав. Түрэгийн довтолгоонд цохигдсон нирунчууд нутгаа орхин нүүсэн ба зарим нь одоогийн Монголын зүүн аймгуудад үлджээ. Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэжээ.

Түрэгийн түрүү хаант улс 541-630 он
НТӨ 208-207 оны үед Дунху, дараа нь Юэчжи (Ятии)-г бутцохиж улсынхаа нутаг дэвсгэрийг тэлж эхэлсэн Модун шаньюй дараа нь Хуньюй, Цюйшэ (Скиф), Динлин (丁靈), Гэкунь (Киргиз), Синьли-г эзэлжээ. НТ III-IV зуунд Динлин аймаг Хуцзе (Огуз), Цзяньгунь (Киргиз)-ий хамт Канцзюйгийн зүүн хойно, Чэшигийн ард Зүүнгарт нутаглаж байв. Нируны үеэс Динлиний оронд Гаочэ, Дили, Чилэ нэрүүд үзэгдэж эхэлсэн. Тэр үед Өндөр тэрэгтэнд 6 арай хожим 12 овог байсан. Жужаны харьяат Фуфуло аймгийн Афучжило 492 онд Нируны Түлүн хаантай муудалцаад бум гаруй иргэдээ дагуулж Алтайн даван уугуул нутаг Зүүнгартаа ирэв. Богино настай улс байгуулсан ч хоёр хөрш Жужан, Эфталит улс ээлжлэн тэднийг довтолдог байв. Тэдний сүүлчийн эзэн Цюйбинь 541 онд Зүүн Вэй улсад очсноор өндөр тэрэгтнүүдийн тусгаар байдал алдагджээ. VI зууны хоёрдугаар хагаст өндөр тэрэгтнүүд Төв Азид гурван бүс нутагт төвлөрөн сууж байв. Монгол орны төв хэсэг Хангайн нурууны ар өвөр, Сэлэнгэ, Орхон, Туулын саваар нийт 2 түмэн цэрэгтэй Пугу (Букут), Тунло (Тонра), Вэйгэ (Уйгур), Фуло (Фуфуло), Сыцзе (Секир), Хунь, Хусэ нар, Алтайн өвөрт түмэн цэрэгтэй Сеяньто, Диелээр, Шипань, Даци нар, Хамигаас Карашар хүртэл Тэнгэр уулаар 2 түмэн цэрэгтэй Циби, Боло, Чжи-и гэсэн 9 аймагтай өндөр тэрэгтнүүд нутагладаг байжээ. VII зууны дөчөөд оноос өндөр тэрэгтэн аймгуудын жинхэнэ нэр Токуз огуз нэр түүх сударт үзэгдэж эхэлжээ

Алтай, Тэнгэр уулын өндөр тэрэгтнүүдийн хэврэг аймгийн холбоо 541 онд амьсгал хурааснаар тус бүс нутаг төр улсгүй болсон завшааныг Ашина түрэгүүд овжин ашиглаж, өөрсдөөс хүн ам олон 3 түмэн цэрэгтэй өндөр тэрэгтнүүдийг эзэлж чаджээ. Умард хятадад оршиж байсан хоёр Вэй улс хоорондын тэмцэлдээ холбоотон хайж Зүүн Вэй улс Нируныг түшсэн бол Баруун Вэй улс шинээр мандаж байгаа Түрэгтэй холбоо тогтоожээ. Энэ завшаанаар түрэгүүд гадаад байдлаа бэхжүүлж Нирунтай эрслэн байлдах бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Улмаар Нируны Анагуй хааны амаргүй аашийг хөдөлгөж дөнгөсөн түрэгүүд дормжлуулсан хариугаа нэхэх нэрээр Нирун улсыг бутцохиж төрийг нь нурааж газар нутгийг, хүн амтай нь эзлэн захирчээ. Тэр үеийн Төв Ази, умард хятад, Зүүнгарын улс төрийн нөхцөл байдлыг дөнгөж 120-хон жилийн настай шинэ угсаатан Төмөрчин хийлгэхээр олзолж авчирсан Ашина түрэгүүд ашиглаж чадсанаар эртний сурвалжит өндөр тэрэгт (уйгур, буку, тонра, сеяньто г.м.) аймгуудаас түрүүлж төр улс байгуулж чадсан юм.
Түрэгийн шинэ хаан Бумын 552 онд Нирун улсыг гэнэдүүлэн довтолжээ. Бумын ябгу цолоо орхиж өөртөө хаан цол өргөв. 552 оны хавар Бумын үхсэний дараа Алтай нуруунаас өрнө зүгийн Түрэгийн газар нутгийг дүү Истеми ябгу мэдэх болж, харин Алтайгаас зүүн тийш орших нутгийг хүү Кэло (Кара, Хвара) захирах болжээ. Кэло 553 оны хавар Нируны хоёр хааны нэг Дэншуцзыг довтлов. Тэр жилдээ нас барсан ахаа залгамжилсан Мухань 554 оны хавар, намар, 555 оны зун-намар Нируныг хэд хэдэн удаа довтолж мөхөөгөөд нутаг усыг нь хүн ардтай захирчээ. Монгол угсааны Хойд Хятадад төрт улсаа байгуулаад байсан Тобо/Wei, Вэй/ улсыг 386-557 онд бутниргэж, Баруун Вэй улсын Сянби/язгуурын Монгол аймаг/ генералын үр сад нь 618 онд үүссэн Хятадын Алдарт Тан улсын Эзэн хаадын удам байх тул Тан улсыг үүсэн бий болгоход бас нэг эх суурийг тавилцсан байна.

Уйгурын түрүү хаант улс. (630-680)
Эртний Динлин тэдний удмын Токуз огуз бол хэл, угсаа, соёлоороо нэг гарвалтай, эсвэл тун ойролцоо овог, аймгуудаас бүрэлдсэн, томоохон угсаа-улс төрийн шинжтэй бүлэглэл байсан. Орчин цагийн уйгур зэрэг түрэг хэлтэн угсаатны дээдэс юм. 600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй уйгур (Хятад сурвалжид Уйгур хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгур аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон Хөх Түрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгур аймаг зонхилох болж, хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхлыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгурын ноёрхол удсангүй, 683 онд хаан Тугайг Хөх Түрэгт ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ.

Уйгур бол эрт цагт Хүннү гүрэнд эзлэгдсэн динлиний удам бөгөөд Өндөр тэрэгтэн буюу токуз-огузын нэг аймаг, тэдний домог ёсоор уйгур хаадын өндөр эмэг эх нь Хүннүгийн шаньюйн бага охин ажээ. Жоужань/Нирун улсын үед уйгурууд өндөр тэрэгтний (чилэ, тэлэ, гаочэ, гаогюй) аймгийн холбоонд багтаж явжээ.

Түрэгийн хожуу хаант улс (690-744/745).

Тан улсын харьяанд, газар нутагт яг тавин жил оршсон түрэгүүд 679 оны 11-р сард эхний бослогоо дэгдээж Ашина Нишуфу (泥熟匐 < ne-źuk-bäk < *Nejuk bek)-г хаан өргөмжлөөд Тан улстай тулалджээ. Эхэндээ амжилт олж байсан ч 680 оны 4-р сард Тан улс 3 буман цэргээр анхдугаар бослогыг дарав. 681 оны 1-р сард Ашидэ-вэньфу овог тэргүүт Түрэг дахин босч, Сэли хааны үеэлийн хүү Сячжоугийн түрэг Фунянь (伏念 < biuk-nen < *Begler)-ийг хаанд өргөмжлөв. Тан улс цэрэг илгээсэн ч эхлээд ялагдсан тул эхний бослогыг дарсан Пэй Синцзянийг дахин илгээж 681 оны 11 сар гэхэд бослогыг дарж Фунянь хаан, Вэньфу нарын 54 хүнийг 18-ний өдөр Чананий зээлийн гол гудамжинд цаазалжээ. 682 оны 7-р сард Юньчжуний түрэгийн Шэли-тули овгийн тэргүүн Гудолу үймээн дэгдээж Ланьчжоу (Шаньси, Ланьсянь) тойргийн Ван Дэмаотай байлдаж алаад Иньшань руу гарав. 683 оны 1-р сараас Кутлук Хэйшачэн хотод суух болов. Кутлукийн толгойлсон түрэг босогчид Тан улстай 682-689 оны хооронд 24 удаа их бага хэмжээгээр зэвсэг зөрүүлсэнээс 685 оны Синьчжоу, 686 оны Лянцзин, 687 оны хоёр ч тулалдаанд тус бүр олон тооны цэргээр байлджээ. Үүнээс 687 оны 7-р сард Хуанхуадуй-д Тангийн цэрэг түрэгийг ялсан бол Говийн ард 687.11.17-нд болсон тулалдаанд түрэгүүд Тангийн шилдэг 13 мянган цэргийг хиар цохьжээ. 689-690 оны үед түрэгүүд Уйгаруудыг довтолж Монголын төв хэсгийг буцаан эзлэв. Кутлук төрийн голомтоо Монголд авчирчээ. Луу жилийн долоон сард (692.8.18-9.15) Капаган 27 насандаа хаан суув. Тэр өрнө, дорно, умар зүгт Түргэш, Согд, Кидан, Кумоси,/энэ 2 нь Монгол аймаг/ Байырку, Чик, Аз, Хиргизийн эсрэг удаа дараа цэрэг мордуулж, Тангийн хилийн хэд хэдэн мужийг олонтоо уулгалан довтолжээ. Үүний үр дүнд Түрэгийн хожуу хаант улсын газар нутаг 711-714 оны үед хамгийн их тэлсэн байна. Түрэгийн хожуу хаант улс Капаган Бэгчор хааны (693-716 он) үед дорно зүгт Шар Ус голын эхээс өрнө зүгт Төмөр Хаалга хүртэл, өмнө зүгийн Яшил өгүз, Шантунгийн талаас умар зүгийн Көгмэн уул, Киргиз хүртэлх уудам нутгийг эзэрхийлэн захирч байв. Капаган үхсэний дараа түүний ургийг Билгэ, Күлтегин хоёр хааны удмыхныг хядаж төрийн эрхийг авав. Билгэ хаан суусны дараа Тан улс Түрэгийг мөхөөхийг оролдож, Басмил, Карлук аймгуудтай нийлж хэдэн удаа довтолсон ч түрэгүүд тусгаар тогтнолоо хамгаалжээ. Хоёр тал хүч тэнцсэн тул гэрээ байгуулж 734 оныг хүртэл хоорондоо нэг их дайтсангүй. Энэ үед Билгэ хаан Кумоси, Кидан, Карлукыг дайлж түшмэг улсаа болгов. Капаган хааныг залгамжилсан Билгэ хааны (716-734 он) үед Түрэгийн хожуу хаант улсад түүх-соёлын асар их үнэ цэнэтэй гэрэлт хөшөөдийг ихээр босгох болов. 732 онд Күлтегин, 734 онд Билгэ хаан үхсэний дараа 739 он хүртэл Түрэгийн төрд элдэв үймээн, самуун дэгдсэнгүй. Гэвч Дэнли хаан авга ахаа алсанаас болж Түрэгийн төр хямарч эхэлсэн ба хямрал, тэмцлийг Уйгур, Басмил, Карлукийн холбоо улам дэвэргэж, түрэгүүдийг довтлох болжээ. 745 онд Түрэгийн сүүлчийн хааныг уйгурууд довтолж хөнөөгөөд төрийг нь мөхөөв. 742 онд нийт 5 мянга орчим өрх айл түрэгүүд зугтаж Тан улсад очиж Шаньси, Ордосоор гол төлөв нутаглаж байгаад аажмаар нэг хэсэг тэндээ уусч, шингэж нөгөө хэсэг нь бослого үймээн дэгдээсэн хэргээр устгагджээ. Маш цөөн хэд нь л Уйгур улсад буцаж нүүж ирж өндөр тэрэгтэн аймгууд дунд шингэжээ. VIII зууны үеийн Түвэдийн нэг сурвалжид Капаган хааны түрэгүүд бүгд зургаан мянган өрхтэй гэж тодорхой бичсэн байдаг. (Б.Батсүрэн)

Уйгурын хожуу хаант улс. (745-840 он)
692 онд хаан суусан Капаганы шахалт дарамтын улмаас Уйгурын яглакар овгийн Фудифу хаан хэсэг уйгураа дагуулан 695 оны 1-10-р сард Эзний гол, Хэси-д Ганьчжоу, Лянчжоу хавьд нүүж очжээ. Түүнийг Секир, Циби, Хунь аймгийн ихэс дээдэс дагалджээ. Зугтаж очсон хаан Тан улсаас хэргэм хүртэж түүний морин цэрэг Тангийн Чишуй (Улаан гол)-н цэрэгт багтав. Түүний удмын аавыгаа дагаж буцан Түрэгт ирсэн Бойло/Пойло/ нь 741-745 онд Токуз огуз 9-н аймгуудыг эеэр нэгтгээд дараа нь Басмил, Карлук аймагтай холбоо тогтоож Басмил аймгийн эзэн Ашина Ши (Сэдэ)-г хаанд өргөмжилж Түрэгтэй тэмцэлдэж эхэлжээ. Түрэгийн гол хүчийг нугалж авсны дараа эхлээд Басмилийг дараа нь Карлукийг Монголоос хөөж явуулжээ. Улмаар Пэйло хаан 745 оны эхээр Түрэгийн сүүлчийн хаан Баймэй Хулунфуг алж улсыг нь бүрэн сөнөөжээ. МЭ 755 онд Тан улсад гарсан Ань Лу-шаны бослогыг дарах хэрэгт Тан улс Уйгураас тусламж гуйн элч илгээжээ. Моюнчур хаан Тан улсад цэрэг явуулж бослогыг даруулж, өмнө зүгээс довтолсон Төвөдүүдийг цохижээ. Энэ далимдаа Тан улсад дагаар орсон эртний өст Түрэгүүдийг гүйцээж хядсан.
..840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч эртний өст Хиргис рүү зугтан тэдэнтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Хиргисүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ. 820 оны үеэс эхлэн гаднаас Енисейн хиргис аймаг довтлон байлдсан явдал нь Уйгур улсыг туйлын хүнд байдалд оруулжээ. Энэхүү дотоод гадаадын тэмцэлдээ хөрш улс, аймгуудаас тусламж эрэх болсон нь 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, Уйгурын төр мөхөх шалтгаан болжээ. Уйгурын зарим нь тэдний эрхшээлд орж нөгөө хэсэг нь Дорнод Туркестан, Зүүн гарын нутагт шилжин шинэ улс байгуулан суусан байна.
Уйгур улс унаснаар Монгол дахь түрэгийн ноёрхол үндсэндээ төгсгөл болсон гэсэн үзлийг дэлхийн эрдэмтэд дэмждэг бөгөөд хиргисийн цэргүүдэд хөөгдсөн уйгурууд богино хугацаанд Монголыг орхин урагш нүүснээр Монголын өндөрлөгт түрэг угсааны овог аймгууд бараг үлдээгүй байна. Хиргисийн цэрэг тэднийг Тэнгэр уул хүртэл үлдэн хөөж нийслэл Ордубалыкийг тонон дээрэмдсэн байна. Түрэгүүд Монголын өндөрлөгөөс нүүнгүүт урьд нь түрэгийн довтолгоонд шахагдан зүүн зүг нүүсэн монгол овог аймгууд эх нутагтаа эргэн ирж суусан байна. 
Уйгурын хоёрдугаар хаант улс мөхсөний дараа токуз огузууд, өмнө нь 840 онд Наньшань, Иньшань уул руу нүүсэн уйгуруудын араас 866 онд хотлоороо нүүсэн билээ. Гэхдээ токуз огузууд Буку Чиний удирдлага дор, 840 онд Куча, Карашар хүрсэн Пан тегиний уйгуруудын нүүсэн замаар өрнө зүгт нүүж Бешбалык, Турфан хавь хүрчээ. Буку Чиний дагуулж нүүсэн ард иргэдийн тоо 2 бум гаруй байсан гэдэг. Энэ нүүдлээр өндөр тэрэгтнүүд (токуз огузууд) үндсэндээ Монгол орныг бүрмөсөн орхисон. IX зууны үеэс тэдний үндсэн нутаг нь Тэнгэр уулын өвөр ар этгээдийн Куча, Карашар, Турфан, Бешбалык болж, өрнө зүгийн араб сурвалжуудад Гуз нэрээр тэмдэглэх болжээ.

 

Тоньюкукийн гэрэлт хөшөөний дурсгал буй газар Музей байгуулагдахаар боллоо. Reviewed by on . Туркийн Засгийн газар болон болон Тика олон улсын агентлагийн дэмжлэгээр Налайхаас цаана байрлах Эртний Түрэгийн хаант улсын 3-н хааны мэргэн сайд, зөвлөх нь ба Туркийн Засгийн газар болон болон Тика олон улсын агентлагийн дэмжлэгээр Налайхаас цаана байрлах Эртний Түрэгийн хаант улсын 3-н хааны мэргэн сайд, зөвлөх нь ба Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top