Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан хот орчмын байгалийг танин мэдэх, явган аяллыг сурталчлах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжин, эрүүл амьдрахуйн хэв маяг бий болгох, аялагчдын тав тух, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн явган аяллын замыг тэмдэгжүүлэх, тохижуулах ажилд хэрэгцээт судалгаа хийх зорилготой явган аяллыг 2017 оны 07 дугаар сарын 02-нд зохион байгууллаа. Уг явган аялалд Чингэлтэй дүүргийн 9,10-р хорооны 70 иргэн хамрагдаж, Чингэлтэй хайрхан уулд аялах чиглэлийг тогтоон, зам дагуух хогийг цэвэрлэлээ.

Чингэлтэй хайрханд 2017 онд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллийн самбар, сандал, сүүдрэвч бүхий амралтын цэгтэй явган аяллын замыг тохижуулна.  Явган аяллын замыг тохижуулснаар жилийн дөрвөн улиралд дүүргийн иргэд тав тухтай, байгальд орчинд ээлтэй аялах боломжтой юм.

Явган аялалд оролцсон иргэд өөрсдийн санаачилгаар “Чингэлтэй хайрхан” явган аяллын клубийг үүсгэн байгуулж, хорооны иргэдээс ахлагч нарыг томиллоо. Иргэд өөрсдийн сайн дураар нэгдэж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах явган аяллын клуб байгуулж байгаа  нь анхны тохиолдол боллоо. Үүгээрээ бусад явган аяллын клубүүдээс ялгарах бөгөөд цаашид тогтмол дүүргийн иргэдийг элсүүлж, аялал зохион байгуулна.

Дүүргийн иргэд үүсгэн байгуулсан тус клубийг цаашид Нийслэлийн Аялал жуулчлалын газар дэмжин ажиллаж, улирал тус бүр хамтарсан аяллыг зохион байгуулан, аяллын талаарх боловсролыг олгох тодорхой сэдвийн хүрээнд сургалтууд хамтран зохион байгуулж хэрэгцээт мэдээллээр ханган чадавхижуулж байхаар тохиролцов.

« of 6 »