Хятадын “Нэг бүс, Нэг зам” санаачилга бол Монголын нийслэл Улаанбаатар хотын хувьд хөрөнгө оруулалтын маш том боломж гэж Улаанбаатар хотын дарга лхагва гарагт мэдэгдлээ.

Хятад улсын 2013 онд санаачилсан “Нэг бүс, Нэг зам” төсөл бол Ази тивийг Европ, Африк тивтэй эртний худалдааны замаар холбож, худалдаа болон дэд бүтцийн сүлжээг байгуулах зорилготой юм.

Сундуйн Батболд хэлэхдээ, Монголын “Талын зам” хөтөлбөрийг “Нэг бүс, Нэг зам” төсөлтэй холбоход Улаанбаатар хот ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хил залгаа бүс нутгийн тээврийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн Хятад-Орос-Монголын эдийн засгийн коридорыг байгуулахад манай нийслэл хот газарзүйн хувьд тааламжтай байрлалтай байгааг С.Батболд онцлон тэмдэглэв.

Тэрбээр мөн “хотын даргын хувьд би Хятадын компаниудын төлөөлөгчидтэй өдөр бүр уулзаж байдаг. Хятадын компаниуд Улаанбаатар хотод байгаа гадаадын компаниудын дийлэнх хувийг бүрдүүлдэг.  Хятадын барилгын компаниуд хамгийн сүүлийн үеийн техник технологийг манай оронд нэвтрүүлж Монголын зам, дэд бүтэц байгуулах төслүүдэд мэргэжлийн түвшинд оролцож байна” гэж сайшаан хэллээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “хавар болохоор Хятадын компаниуд шинэ нисэх буудлын хурдны зам, хотын гүүрүүд, хотын захын зам барилгын ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудад оролцож эхэлнэ. Эдгээр бүх хөрөнгө оруулалт нь хотын ирээдүйг өөрчлөх болно. Түүнээс гадна Улаанбаатар хот 2016 оны хоёр дахь хагасаас эхлэн үүссэн Монголын эдийн засгийн гүнзгий хямрал болон гадаад өрийн дарамтын улмаас гадаадын хөрөнгө оруулагчид дайжиж байсныг зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна” гэв.

Хотын захиргаа гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, Монголын нарийн төвөгтэй хууль, журмуудын талаар илүү их мэдээлэлтэй болоход нь тэдэнд туслах зорилгоор тусгай зөвлөл байгуулсан гэдгийг С.Батболд мөн дурдлаа.

Монголын нийслэл Улаанбаатарт хотод 1.38 сая хүн буюу далайд гарцгүй тус улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг бөгөөд тус хот дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэдэг байна.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж: “Солонго” мэдээллийн төв