Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дотоод, гадаадын иргэн, жуулчид хотод тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, жуулчдад ээлтэй хот болох зорилтыг дэвшүүлсэн билээ.

          Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь аялал жуулчлал, зочлох  үйлчилгээний салбарт мөрдөгдөж байгаа үндэсний стандартуудыг шинэчлэх ажил юм. Зочлох үйлчилгээний байгууллагуудын стандарт шаардлагыг өөрчлөн шинэчлэх асуудал нь ажил, үйлчилгээнд шинэ дэвшилт технологи нэвтэрсэн, цар хүрээ нь өргөжсөн, зочид, үйлчлүүлэгчдийн соёл, ахуйн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой гэж тус салбарынхан үзэж байгаа юм. Одоогийн мөрдөгдөж буй стандартууд нь 2007, 2008 оноос мөрдөгдсөн байна.

      2017 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочид буудал, дэн буудал, гэст хаус / гэр буудал /-ын хуучин стандартын шаардлагыг шинэчлэх төслийн анхны хэлэлцүүлгийг тус үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн захирал, менежерүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.

     Тус төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар зэрэг байгууллагуудаас саналыг авч тусган анхны хувилбарыг гаргажээ.

     Тус хэлэлцүүлэгт үйлчилгээ эрхлэгч 128 хүн оролцсоноос гадна, Монголын Аялал жуулчлалын холбоо, Зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн ур чадварын сургалтын төв, их, дээд сургуулийн мэргэжлийн багш эрдэмтэд оролцож, ажил хэрэгч хэлэлцүүлэг болсон байна.