Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх 10 гаруй  томоохон ажил төлөвлөгдсөн байна.

Эдгээр ажлын нэг нь гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй, тав тухтай зорчих орчныг бүрдүүлэх олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж жуулчдад ээлтэй хот болох зорилт юм.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, жуулчинд ээлтэй хот болгох энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 2016-2020 онд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

IMG_7603

Энэ санамж бичгийн хүрээнд  хотын аялал жуулчлалын бүсэд аялах гадаадын иргэд, жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг улам сайжруулах, аялал жуулчлалын байгууллагын ажилтан, цагдаагийн албан хаагчдын ур чадварыг өндөржүүлэх хууль эрх зүй, гадаад хэлний  сургалтыг үе шаттай зохион байгуулах, “Оюутан цагдаа-2017”  арга хэмжээг үргэлжлүүлэхээр тогтсон байна.
Мөн Гадаадын иргэн, жуулчид ихээр сонирхон оролцож байгаа нийтийг хамарсан  соёл урлаг, аялал жуулчлалын арга хэмжээний үед болон Горхи. Тэрэлжийн амралтын аялал жуучлалын бүс, Туулын голын эргээр  хэв журам сахиулах морин, завьт, машинт эргүүл, Оюутан цагдааг аялал жуулчлал, амралтын улиралд тогтмол  ажиллуулахаар  болжээ.

Жуулчны бааз, амралтын газар, шөнийн клуб, ресторан, паб, зочид буудал зэрэг газруудын харуул, хамгаалалтын албаны үүрэг хариуцлагыг ч өндөржүүлэх ажил төлөвлөгдсөн байна.

IMG_7611

Жуулчны аюулгүй байдлыг хангах асуудлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар сүүлийн жилүүдэд хамтран үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд ялангуяа Оюутан цагдаа арга хэмжээнд их, дээд сургуулийн 200 гаруй оюутнуудыг хамруулж, 240 цагдаагийн албан хаагчийг гадаад хэл, харилцааны соёлын 14 хоногийн эрчимжүүлсэн сургалтанд суралцуулж, олон нийтийн 200 гаруй цагдаад жуулчны аюулгүй байдлыг хангах асуудлаар сургалт хичээл орсон байна. 300 гаруй зочид буудал, жуулчны баазын стандарт, аюулгүй байдал, хэв журмын байдалд цагдаагийн үзлэг шалгалтыг хийж, санамж, зөвлөмж өгчээ.Эдгээр ажлын үр дүнд гадаадын иргэн, жуулчидтай холбоотой хэрэг, зөрчил 15%-иар буурсан байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд гадаадын жуулчдад ээлтэй эмнэлэг ажиллуулах, онцгой байдлын зөвлөмж, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор НОБГ, НЭМГ-тай дээрх санамж бичгийг байгуулсан байна.