p1ap29dv70188o15ns1gr8h23p8s1

“Даншиг наадам-Хүрээ цам” шашин, соёлын наадам ирэх сарын 6, 7-нд Хүй долоон худагт болох гэж буй. Жуулчдыг татах гол зорилготой эл наадмын зохион байгуулалт болон үр өгөөжийн талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатайярилцлаа.

Улаанбаатарын Даншиг наадмыг зохион байгуулснаар жуулчдыг татна гэж зохион байгуулагчид хэлж буй. Жуулчдыг татахын тулд яагаад Даншиг наадмыг сонгов, ямар ач холбогдолтой вэ?

-Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, соёл урлагийн арга хэмжээгээр дамжуулан жуулчдыг татах тухай тусгагдсан байдаг. Энэ хүрээнд өөр өөр сонирхол, зорилготой жуулчдад зориулсан 30 гаруй арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Даншиг наадам юм. Манай улсын хувьд дэлхийд танигдсан ганцхан эвенттэй. Тэр нь Үндэсний их баяр наадам. Наадмын үеэр зочид буудал, онгоцны суудал олдохгүй болж ачаалал нэмэгддэг. Яг ийм том жуулчны урсгалыг наадмаас бусад үед бий болгох нь эдийн засгийн талаасаа манай хотод маш ашигтай. Тийм болохоор өнгөрсөн жилээс эхлэн Даншиг наадам зохион байгуулж байгаа. Аливаа зүйл баялаг түүхтэй, дахин давтагдашгүй байх тусмаа үнэ цэнэтэй болж,  олон хүний сонирхлыг татдаг. Шашин, соёлоор дамжуулан жуулчдыг татах зорилттой бидний хувьд Даншиг наадам нь томоохон боломж, олон жил ашиглаагүй нөөц байсан гэж хэлж болно.

-Даншиг наадам зохион байгуулж, шашин, соёлын арга хэмжээгээр жуулчдыг татах нь хэр оновчтой вэ?

-Жуулчны урсгалд газар нутгийн ойр дөт байдал, соёл, түүхийн хамаарал шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Даншиг наадмын зорилтот зах зээл нь шашин нь ижил, газар нутгийн хувьд ойр дөхөм монгол туургатнууд болон наадам үзэх хүсэлтэй гуравдагч орны жуулчид юм. Шашны аялал үргэлж жуулчлалын гол чиглэл байсаар ирсэн. Манай иргэд л гэхэд өнгөрсөн 20 жил Утай, Гүмбэн, Лхасыг зорьж байна. Сүүлийн таван жил Итгэлт хамба руу аялж буй. Бурхны шашны гурван том төвийн нэг нь Монгол гэж ярьдаг хэр нь сүсэгтэн олон, мөргөлчдөө татах зүйлгүй л байсан шүү дээ, бид. Валютын урсгалаа дотооддоо хадгалаад зогсохгүй, гадаадаас оруулж ирэх, нүүдлийн соёл, бурхны шашны төв гэдэг дүр төрхөө алдахгүй байхад Даншиг наадам эерэг нөлөөтэй.

-Жуулчид Даншиг наадмыг хэр сонирхож байна вэ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй учраас олонд бага боловч танигдсан болов уу?

-Жуулчдад зориулсан арга хэмжээ учраас жилийн өмнөөс олон сувгаар сурталчилж, мэдээлэл цацаж эхэлсэн. Өнгөрсөн онд эхнийх байсан болохоор олон жуулчин ирнэ гэж хүлээгээгүй. Гол төлөв аялал жуулчлалын байгууллагууд, тухайн үед Монголд аялж байсан жуулчид оролцож байлаа. Одоогоор 40 гаруй тур оператор компаниас 780 жуулчин Даншиг наадмын үеэр зохиогдох Хүрээ цам үзэх суудал захиалаад байна. Бусад арга хэмжээг түүнээс ч олон жуулчин сонирхох нь дамжиггүй. Гадаадын хэвлэл мэдээлийн байгууллагууд, аяллын нэвтрүүлгийн багууд ч ирж буй.

Даншигт ирсэн жуулчид юу үзэж сонирхох боломжтой вэ?

-Даншиг наадмын үеэр уламжлалт дэг ёсоор цам харайна. Сүсэгтэн олонд зориулж мянган лам ном хурах, ном хаялцах, дэмбээдэх, унзад хоолойтой лам нарын уралдаан зэрэг шашны арга хэмжээ болно. Эдгээрээс гадна шашны эд зүйл, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан болно. Өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үйл ажиллагаа гэвэл 350 уран нугараач оролцсон соёлын арга хэмжээ, этно мюзикл бафйна. Олон хэл, шашин, соёлтой, янз бүрийн хүсэл сонирхолтой, бүх насны хүмүүс ирэхийг бодолцон, тэдэнд бүгдэд нь сонирхолтой байх хоёр өдрийн хөтөлбөр гаргасан байгаа.

-Улс орны эдийн засаг хүнд байхад жуулчдад зориулсан хөтөлбөрүүдэд хөрөнгө мөнгө их зарж байна гэсэн шүүмжлэл бий. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз бүрийн шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Эвент арга хэмжээ гэдэг нэг удаа зохиогдож буй мэт боловч тухайн зорих газрын дүр төрх буюу имижийг тодруулж өгдөг, жуулчдыг татах гол сурталчилгаа болдгоороо чухал ач холбогдолтой юм. Бразилд өдөр бүр багт наадам, Германд үргэлж шар айрагны баяр болоод байдаггүй ч жуулчид тэр дүр төрхөнд нь татагдаж очдогтой адил.

Зардлын тухайд нийслэлийн Засаг даргын зүгээс төсвийн хөрөнгийн зарцуулалтыг багасгаж, хамтран зохион байгуулагч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэл өгсөн. Цаашид олон улсын томоохон наадмуудын адил өөрийгөө санхүүжүүлдэг жишиг рүү явж байгаа. Дундаж жуулчин хоногт 190 ам.доллар зарцуулдаг гэж үзвэл Даншиг наадам болох хоёр хоногт нийслэлд багагүй валют орж ирнэ. Аль ч улс, хот бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор хийдэг алхам болохоор иргэдийн зүгээс шүүмжлэл бага гарна гэж бодож байна.

Ч.МӨНХЗУЛ