НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2015 ОНЫ 10 ДУГААР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцын үйлчилгээ эрхлэгчдээс нийт 53 санал хүсэлт, өргөдөл ирсэн /байгууллагад хандаж албан бичгээр 47, цахимаар өргөдөл 6/ ба стандартын шаардлага хангасан 4 иргэн, 36 ААН-д үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож, стандартын шаардлага хангаагүй 10 ААН-д хугацаатай үүрэг даалгавар өгч, стандартын үзлэгт хамрагдах хүсэлтэй 2 иргэн, 1 ААН-ийн хүсэлтийн дагуу үзлэгт хамруулахаар бэлтгэлийг хангаж байна. Зочид буудал, дэн буудлуудад стандартын үзлэгийг 10 дугаар сард нийт 35 удаа зохион байгуулав.

2/ Улаанбаатар хотод нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээртэй хамтран 2016 онд зохион байгуулахаар төлөвлөж буй соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний хуваарийг зохион байгуулагчдаас авч нэгтгэн гаргав.

3/ Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын салбарын зорилтыг хэрэгжүүлэх, НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг эрчимжүүлэх, экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дараах 3 асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол улсын Ерөнхий сайдад албан бичгээр танилцуулга материалын хамт хүргүүлсэн. Үүнд:

  • Олон улсын галт тэрэг, нислэгээр Улаанбаатар хотоор дамжин өнгөрөх гадаадын иргэдийг нийслэлийн нутаг дэвсгэрт 72 цагийн дотор визгүй зорчуулах журам боловсруулж, мөрдүүлэх
  • Хоёр улсын аялал жуулчлалын удирдах байгууллагуудын хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монгол улсад БНХАУ-ын жуулчдыг бүлгээр аялуулах горимыг хэрэгжүүлж эхлэх
  • Төрийн байгууллагуудын шугамаар зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтыг аялал жуулчлалын идэвхгүй улиралд зохион явуулах замаар жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх. Одоогоор албан хүсэлтийн хариу ирээгүй байгаа ба холбогдох яамдаас санал авч байгаа гэж мэдэгдэв.

4/ Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн хурлыг 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдөр зохион байгуулав. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хийгдсэн аялал жуулчлалын ажлын танилцуулга, хөтөлбөрийн явцын мэдээлэл, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийн танилцуулга, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг холбогдох албаны хүмүүс танилцуулсан ба хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган батлах, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох жуулчдад зориулсан аялал жуулчлал, спорт, соёл урлагийн арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцах аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий хувийн хэвшилд тулгуурласан товчоо байгуулах зөвлөмж гаргав.

5/ Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын түвшнийг тодорхойлох судалгааг “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд зохион байгуулав. Судалгааг Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, интернет орчин дахь иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, төрийн үйлчилгээний найрсаг байдлын үнэлгээ гэсэн гурван төрлөөр Монголын судалгааны тэргүүлэгч компани “MMCG групп” гүйцэтгэв. Судалгааны түүвэрлэлтээр нийслэл хотын төвийн зургаан дүүрэг болон алслагдсан нэг дүүргийг оролцуулан нийт 500 өрх оролцов. Судалгаагаар Улаанбаатар хотын найрсаг байдалд иргэд 3.3 оноо буюу дунд зэрэг найрсаг хот  гэсэн үнэлгээг өгчээ. Үүнд: бусдыг хүндлэх байдал 3.1, бусдыг халамжлах байдал 3.5, бусдад талархах байдал 3.6 оноо, өөрсдийн найрсаг байдлын үнэлгээг 3.8 гэсэн оноогоор үнэлсэн байна. Мөн судалгаанд оролцогч өрхүүдийн 22% нь сүүлийн нэг жил Улаанбаатар хотын найрсаг байдлын түвшин сайжирсан гэсэн бол 46% нь бага зэрэг сайжирсан гэж үзжээ.

6/ Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд нийт 33 багц ажлыг гүйцэтгэж үүнд 2015 оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн төсвөөс 236.899.600 төгрөгийг зарцуулаад байна. Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна.

7/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/834 дүгээр захирамжийн дагуу БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон “Монгол Хятадын Экспо” анхдугаар үзэсгэлэн, экспогийн үеэр зохиогдсон хурал, уулзалтад тус газрын дарга Э.Баттулга, мэргэжилтэн М.Болортуяа, Н.Алтанзаяа нар 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд оролцов. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газар, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан уг экспогийн үеэр Улаанбаатар хотыг сурталчилсан үзэсгэлэн гаргах, материал тараах, мэдээлэл өгөх ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хариуцан ажиллав. Зохион байгуулагчдын зүгээс Монгол улс, Улаанбаатар хот, 21 аймагт тусгайлан бэлтгэсэн үзэсгэлэнгийн талбайг хүлээлгэн өгсөн ба хятад хэл дээрх Улаанбаатар хотын сурталчилгааны танилцуулга 10.000 ширхэг, англи хэл дээрх танилцуулга 1000 ширхэг, ил захидал 3000 ширхгийг 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд явагдсан үзэсгэлэнд ашиглаж мэдээлэл өгч ажиллав. Экспогийн үеэр зохиогдсон Монгол, БНХАУ, ОХУ 3 улсын аялал жуулчлалын салбарын танилцуулах хурлын үеэр “Монголд аялах 21 шалтгаан” сэдвээр,  Цайны зам төслийн оролцогч 3 улс, 5 хот, БНХАУ-ын 7 мужийн төлөөлөгчид оролцсон хурлын үеэр “Найрсаг УБ” аялал жуулчлалын танилцуулга, “Цайны зам” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж буй ажлуудын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга илтгэл тавьж мэдээлэл хийв. Мөн Монгол-Хятадын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Өвөр Монголын тал нутгийн өв соёлыг хамгаалах сан хамтран Цайны замын аялал жуулчлалыг харилцан сурталчлах санамж бичигт гарын үсэг зурав.

8/ Санкт-Петербург хотын Аялал жуулчлалын газартай 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хоёр хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, туршлага солилцох Санамж бичиг байгууллаа. Санамжид нийслэлийн Аялал жуулчлалын газрыг төлөөлж Улаанбаатар хотоос Москва хотод суух төлөөлөгч М.Мөнхцэцэг гарын үсэг зурсан. Санамж бичигт хоёр хотын жуулчны мэдээлэл сурталчилгааны төвөөр дамжуулан мэдээлэл солилцох, жил болгон зохион байгуулдаг эвент үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэх, тэдгээрт оролцох тал дээр туслалцаа үзүүлэх, аялал жуулчлалын шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, харилцан зорчиж буй жуулчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, Санкт-Петербург хотуудад MICE аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон бизнесийн хурал, зөвлөгөөнийг харилцан зохион байгуулах талаар тусгагдсан. 2015 оны 10 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдох “Инветекс Трэвел Маркет” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлыг хангаж ажилласан боловч “Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн санхүүжилт удааширснаас шалтгаалан оролцоогүй болно.

9/ БНХАУ-ын Юннань мужийн Күнминь хотод 2015 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Си Ай Ти Эм-2015” бүх хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, Монгол улс хамтарсан “Цайны зам” олон улсын  аялал жуулчлалын төслийг танилцуулан, нэгдсэн сурталчилгаа гарган оролцохоор хамтрагч талуудтай тохиролцон, бэлтгэл ажлыг хангаад байна. Уг үзэсгэлэнд Күнминь хотын Диэнчи Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийн нийт 50 000 м.кв талбайд 2400 стэндтэйгээр зохион байгуулагдана. “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын төслийн хүрээнд Хятад, Орос, Монгол гурван улсын 5 хот нэгдэн 198 м.кв талбайг тохижуулан оролцох бөгөөд “Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын нэгдсэн сурталчилгаа” сэдэвт хурал зохион байгуулагдаж, урлагийн тоглолт, илтгэлүүд танилцуулагдана. Улаанбаатар хотыг төлөөлөн нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Болортуяа нар оролцох бөгөөд Улаанбаатар хот болон хотын аялал жуулчлалын танилцуулгуудыг хятад хэл дээр орчуулан бэлтгээд байна.

10/ БНХАУ-ын Тайванийн Аялал жуулчлалын нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эф – Тайбэй” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд Тайпэй хотод зохион байгуулагдах гэж байна. Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газраас Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 9м.кв талбайд Монгол улс, Улаанбаатар хотыг таниулан сурталчилж оролцох хүсэлтээ ирүүлсний дагуу тус газраас Жуулчин ХХК, Нью Жуулчин ХХК-тай холбогдон хамтран оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган, Тайбэй дахь төлөөлөгчийн газар ерөнхий зохион байгуулалт, Тайбэй дэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

11/ Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж буй “Ном хандивлах аян”-д тус газар оролцож нийт 35 номыг хандивлав.

12/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар JCDecaux компанитай хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар хотод 150 зарын стандартын самбар барихаас 2015 онд 23 гэрэлт самбарыг барьж ашиглалтад оруулаад байгаа юм байна. JCDecaux компаний зүгээс самбарын 1 талд нийслэлийн мэдээллийг үнэ төлбөргүй оруулах санал тавьсны дагуу одоогоор 4 самбарт тавигдах мэдээллийг англи, монгол хэл дээр бэлтгэж байрлуулахад бэлэн болоод байна.

13/ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 333 зочид буудал, 286 дэн буудал, 68 одтой зочид буудал, 93 амралтын газар, 104 сувиллын газрын солбицлыг шивж оруулан мэдээллийн сан үүсгэв. Мэдээллийн санг дэн буудал, зочид буудал, одтой буудал, жуулчны бааз, амралтын газар, сувиллын газрууд гэсэн 5 ангилал тус бүрээр газарзүйн байршил, төвлөрлийг харуулсан  30,000-250,000 масштабтай 13 газрын зургийг ArcGis 10.1 программд хийж гүйцэтгэв.

14/Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажлыг “Эс Эс Ай Эм Эн” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 1 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.

15/ Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан Гадаадад Монгол орноо сурталчлах төслийн хэлэлцүүлэгт тус газрын Жуулчны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн оролцож, аялал жуулчлалын газраас зохион байгуулж буй ажил болон дээрх төсөлд хэрхэн хамтран ажиллах саналыг танилцуулав.

16/ “Зөөгчийн мэргэжлийн түвшний ур чадварыг хөгжүүлэх нь” сургалтыг Монголын ресторан зоогийн газрын холбоотой хамтран 2015 оны 10-р сарын 13-ны өдөр тус газрын Мэдээлэл, сурталчилгааны төвийн сургалтын танхимд зохион байгуулж нийт 25 зөөгч хамрагдав.

17/ Хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т заасны дагуу тус газрын даргын 2015 оны Б/27 дугаар тушаалаар Гранд мед эмнэлэгтэй гэрээ байгуулан албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

18/ Жуулчны мэдээллийн төвөөр 10 дугаар сард давхардсан тоогоор 68 гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвүүдээр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

19/ Тус газарт 10 дугаар сард нийт 6 өргөдөл ирснээс 4 өргөдлийг шийдвэрлэж шийдвэрлэлтийн явц 66.6% ба 2 өргөдөл нь хугацаандаа байна.

20/ Тус газарт дээд газраас 8, бусад газраас 8 албан бичиг ирснээс хариутай 7 бичгийг шийдвэрлэж, хариугүй 4 бичиг, 1 бичгээр тавигдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

21/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 9, боловсон хүчний чиглэлээр 3, явуулсан бичиг 31 нийт 51 албан бичгийг бүртгэн бланкан дээр буулган баримтжуулав.

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

огноо…………………………………

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

 МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

огноо………………………………