Монгол улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбогдох орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэдэг ба тоон мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд 2014 оны эхний хагас жилд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г Монгол иргэдийн гадаад улс орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилготойгоор Монгол банк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгуулсан.
Энэхүү судалгаагаар гадаадад аялсан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг гарч буй хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой боллоо.
Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан ялгаатай байгаа бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар байна. Энэ нь одоогийн төлбөрийн тэнцэлд ашиглагдаж буй 2005 оны судалгааны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд зарцуулдаг зэрэг үр дүн гарсан байна. Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байна.

Судалгааны бүрэн эхийг:

Гадаадад аялсан монгол иргэдийн зардлын судалгааны тайлан