Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/834 дүгээр захирамжийн дагуу БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон “Монгол Хятадын Экспо” анхдугаар үзэсгэлэн, экспогийн үеэр зохиогдсон хурал, уулзалтуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, мэргэжилтэн М.Болортуяа, Н.Алтанзаяа нар 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд оролцов.

DSC06520

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газар, Монгол Улсын Аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан уг экспогийн үеэр Улаанбаатар хотыг сурталчилсан үзэсгэлэн гаргах, материал тараах, мэдээлэл өгөх ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хариуцан ажиллав. Зохион байгуулагчдын зүгээс Монгол улс, Улаанбаатар хот, 21 аймагт тусгайлан бэлтгэсэн үзэсгэлэнгийн талбайг хүлээлгэн өгсөн ба НАЖГ-аас мэргэжилтэн Б.Болортуяа, Н.Алтанзаяа нар үнэ цэнэтэй нэр бүхий үзмэрүүд, хятад хэл дээрх Улаанбаатар хотын сурталчилгааны танилцуулга 10.000 ширхэг, англи хэл дээрх танилцуулга 1000 ширхэг, ил захидал 3000 ширхэгийг 10-р сарын 23-27-ны өдрүүдэд явагдсан үзэсгэлэнд ашиглаж мэдээлэл өгч ажиллав.

IMG_5665

“Цайны зам”-ын анхны Монгол авто аяллын нээлтэд оролцов.

Монгол, ОХУ, БНХАУ-ыг дамнасан олон улсын аялал жуулчлалын “Цайны зам” төсөлд Улаанбаатар хот 2014 оноос эхлэн хамрагдсан. “Монгол Хятадын Экспо” анхдугаар үзэсгэлэнгийн үеэр Монголын талаас анх удаа авто аяллыг Тэнүүн тур ХХК-иас зохион байгуулсан ба 10-р сарын 23-ны өдөр нээлтийн ажиллагаанд оролцов. Монголын талын анхны авто аяллын нэг зорилго нь хилийн бүсэд иргэд автомашинтайгаа аялахад тулгардаг бэрхшээлийг судалж, шийдвэрлэх талаар Хөх хотод болох хуралд танилцуулах явдал байв.

IMG_5663

Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын газрын дарга нарын уулзалтад оролцов.

Монгол-Хятадын анхдугаар экспогийн үеэр олон салбарын уулзалтууд болсны нэг нь Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын газрын дарга нарын уулзалт байв. БНХАУ, ОХУ, Монголын аялал жуулчлалын яамдын газрын дарга нар, Цайны замын дагуух томоохон хотуудын Аялал жуулчлалын газрын дарга нар уулзаж, Цайны зам төслийн олон улсын холбоог оролцогч талуудын бүрэлдэхүүнтэй байгуулж, нарийн бичгийн даргын газраар ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газрыг ажиллуулахаар тогтов. Холбооны хурлыг жил бүр 3 улсад ээлжлэн зохион байгуулж байхаар шийдвэрлэв. Монголын талаас уг хуралд БОНХАЖЯ-ны АЖБХЗГ-ын дарга Б.Маргад, ахлах мэргэжилтэн Н.Молор, НАЖГ-ын дарга Э.Баттулга, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал нар оролцов.

IMG_5762

Гурван улсын аялал жуулчлалын танилцуулах хуралд мэдээлэл хийв.

10-р сарын 24-ний өдрийн үдээс өмнө Монгол, БНХАУ, ОХУ 3 улсын аялал жуулчлалын салбарын танилцуулах хурал Хөх хотын Вандай зочид буудлын хурлын танхимд болов. 3 улсын аялал жуулчлалын 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон тус хуралд “Монголд аялах 21 шалтгаан” сэдвээр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга илтгэл тавьж мэдээлэл хийв.

IMG_5697

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

10-р сарын 23-ны өдөр Шинчень зочид буудлын хурлын танхимд Монгол-Хятадын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Өвөр Монголын тал нутгийн өв соёлыг хамгаалах сан хамтран Цайны замын аялал жуулчлалыг харилцан сурталчлах санамж бичигт гарын үсэг зурав.

IMG_5763 

Монгол, Хятадын аялал жуулчлалын салбарын бизнес уулзалт боллоо.

10-р сарын 25-ны өдөр хоёр улсын хил залгаа аймгууд болон Цайны замын дагуух хотуудын удирдлагууд оролцсон уулзалтад оролцов. Уг уулзалтаар хилийн бүсэд зорчих жуулчдад тулгарч буй асуудлууд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлууд, хоёр талын дээд байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх асуудлуудын талаар хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцов.

IMG_5700

БНХАУ, ОХУ, Монгол 3 улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааны хуралд илтгэл тавив.

Экспогийн төгсгөлд Цайны зам төслийн оролцогч 3 улс, 5 хот, БНХАУ-ын 7 мужийн төлөөлөгчид тус тусын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулав. Энэ хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Найрсаг УБ” аялал жуулчлалын танилцуулга, “Цайны зам” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэж буй ажлуудын талаар мэдээллэв.

 

 НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР