НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгч нийт 21 аж ахуйн нэгж, 3 иргэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаж, “Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS4588:2008”, “Дэн буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS5738:2007”, стандартын үзлэгт хамрагдсанаас Баянгол дүүрэгт 4, Баянзүрх дүүрэгт 3 буудал шаардлага хангаагүй тул зөвшөөрөл олгоогүй. Шаардлага хангасан 18 байгууллага, иргэний зөвшөөрлийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/02 тоот тушаалаар олгов. Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын бичгээр  ирүүлсэн саналын дагуу тус дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан 2 буудлын зөвшөөрөл, үйлчилгээ эрхлэгч нь өөрчлөгдсөн 4 буудлын зөвшөөрлийг хүчингүй болгов.

2/ Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны 1-р сарын 09-ний өдрийн А/02 дугаар захирамжаар шинэчлэн батлуулав. Зөвлөлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ахалж, орлогч даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч, гишүүдээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн, Аялал жуулчлалын холбооны тэргүүн, Зочид буудлуудын холбооны тэргүүн, Ресторан, зоогийн газруудын холбооны тэргүүн, Хүннү Эйр ХХК-ийн гүйцэтгэх захирал, Аэро Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал, Улаанбаатар Төмөр замын Аялал жуулчлалын товчооны дарга, нарийн бичгийн даргаар нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга ажиллана.

3/ Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, нийслэлийн аялал жуулчлалын өнөөгийн байдал, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2015 онд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээний төлөвлөгөө, “Найрсаг Улаанбаатар” аяны талаар хэлэлцэв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган баталж, нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргалаа. Хувийн хэвшлийн төлөөлөл давамгайлсан аялал жуулчлалын зөвлөл байгуулагдсан нь тус салбарын хувьд анхных бөгөөд шийдвэр гаргах түвшинд хувийн хэвшлийн оролцоог хангасан бодит алхам болсон.

4/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын төсөв /4635,5 сая.төг/-ийг боловсруулж, Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулав.

5/ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01-р сарын 28-ны өдрийн А/08 тоот захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулан байгуулсан. “Улаанбаатарын өвлийн наадам” аялал жуулчлалын арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр 17.318.500 төгрөгийн төсөвтэйгөөр зохион байгуулав. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын Мөсөн шагайн холбоо, Монголын Мөсөн сурын холбоо хамтран зохион байгуулагчаар ажиллав.

6/ Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-д Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан 2 удаа зохион байгуулж зочин хүлээн авагч, зөөгчийн сургалтад 18, үйлчлэгч, угаалгын ажилтны сургалтад 8 нийт 26 хүн хамрагдав. Тус сургалтыг 3 одтой “Эдельвайс” зочид буудлыг түшиглэн Недерланд улсын экспертүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр буюу дадлага, онол хослуулан зохион байгуулж байна.

7/ “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцохтой холбогдуулан бэлтгэл ажлуудыг хангаж байна. Улаанбаатар хотыг сурталчлах брошурыг А4 хэмжээтэй, 20 нүүртэйгээр англи хэл дээр бэлтгүүлж, 20000 ширхэгийг хэвлүүллээ. Мөн сурталчилгаанд ашиглах 2 төрлийн ил захидлыг гаргав. Үзэсгэлэнгийн талбайн үүдэнд байрлах Улаанбаатар хотын сурталчилгааны 2*2м хэмжээтэй зурагт хуудасны эхийг бэлтгүүлж хүргүүлэв. Үзэсгэлэнгийн үеэр гадаадын 1000 сэтгүүлчид өгөх Монголын сурталчилгааны материалууд бүхий зөөврийн дискэнд Улаанбаатар хотын өвлийн болон зуны сурталчилгааны видео, Улаанбаатар хотын брошурын цахим хувилбарыг хийв. Улаанбаатар хотын сурталчилгааны материалуудыг үнэ төлбөргүй УБ-Берлиний хооронд тээвэрлүүлэх асуудлыг МИАТ ХК, Гадаад харилцааны яаманд тавьж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Үзэсгэлэнд оролцох Улаанбаатар хотын төлөөлөгчдийн бүртгэл, виз, захиалгатай холбоотой ажлуудыг гүйцэтгэв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөх, танилцуулах материалуудад Улаанбаатар хотын болон нийслэлийн аялал жуулчлалтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэж өгөв.

8/ Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого, чиглэлтэй уялдуулан БНХАУ-ын зах зээл дээр ажиллах сонирхолтой тур операторуудын уулзалтыг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус газрын Мэдээлэл сурталчилгааны төвд зохион байгууллаа. Уулзалтын үеэр тур операторуудын зүгээс Монголын аялал жуулчлалын холбооны дэргэд “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл” байгуулахаар шийдвэрлэв. Нийслэлийн Аялал жуулчлалын газар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин 2015 онд төлөвлөсөн ажлуудаа хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

9/ БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын газраас хэрэгжүүлж байгаа “Dream nomad” төсөлд шалгарсан судалгааны багийнхантай 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, аялал жуулчлалын бүс нутгийг тэмдэгжүүлэх “Эх газрын гэрэлт цамхаг” төсөл, хот орчмын жуулчны баазуудын бохирын систем, цахилгаан, дулааны асуудлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж зөвлөгөө өгөв.

10/ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулав. Уулзалтаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, амралтын газруудын үзлэг, 2015 оны сургалтын төлөвлөгөөг хэлэлцэж, санал солилцов.

11/ 2015 онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах аялал жуулчлал, соёл урлаг, спортын арга хэмжээнүүдийг танилцуулах гуравдахь уулзалтыг Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагуудад 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулав.

12/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг англи хэл дээр орчуулах ажлыг гүйцэтгүүлж, хамтран ажилладаг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэв.

13/ Жуулчны мэдээллийн төвүүдээр 1 дүгээр сард нийт 20 жуулчин, 12 гадаадын оюутан үйлчлүүлсэн байна. Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

14/ Тус газарт 1 дүгээр сарын байдлаар дээд газраас 11, түүнээс хариутай бичиг 5, бусад газраас 17, түүнээс хариутай бичиг 8, зочид буудлын зөвшөөрөл хүссэн 30, өргөдөл гомдол бичгээр 6, нийт 64 баримт бичиг ирснийг хүлээн авч, бүртгэн, хариуцсан мэргэжилтнүүдэд шилжүүлсэн ба дээд газрын 2, бусад газрын хариутай 6 бичиг, өргөдөл гомдлын 1, зочид буудлын зөвшөөрөл хүссэн 4, нийт 13 баримт бичгүүдийн гүйцэтгэлийг бүртгэж холбогдох мэргэжилтэнд шилжүүлэв. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 9, явуулсан бичиг 44 /явуулсан хувийн тоо 86/, хурлын тэмдэглэл 1, нийт 54 албан бичгийг бүртгэн бланкан дээр буулган баримтжуулж, хүргүүлсэн.

15/ Аялал жуулчлалын үндэсний төвөөс сар бүрийн Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэдийн мэдээ авч мэдээллийн сандаа оруулж ажиллаж байна. 2014 онд манай улсад 392844 жуулчин ирж, өмнөх оноос 5,9%-иар буурсан байна. Бүс нутгаар нь жуулчдыг авч үзвэл Ази болон Номхон далайн бүс 239850, Европ 147520, Америк 3638, Ойрх Дорнод 1048, Африк 786 жуулчин ирсэн байна. Жуулчдын голлох зах зээлийн эхний арван орноор авч үзвэл БНХАУ 157561, ОХУ-73055, БНСУ 45476, Япон 18282, АНУ 13987, Казакстан 13562, Герман 9551, Франц 7733, Их Британи 5758, Австрали 5118 байна. Аялал жуулчлалын салбарын орлого 253,817,148 ам доллар буюу өнгөрсөн онтой харьцуулахад 3,6%-иар буурчээ.

16/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Судалгааны төвөөс гаргадаг гэмт хэрэг үйлдсэн болон гэмт халдлагад өртсөн гадаад иргэдийн 2013 оны 12-р сарын мэдээг авч мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна. Манай улсын нутаг дэвсгэрт 2014 оны байдлаар гадаадын 87 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан ба өмнөх оны мөн үеийнхээс 8-аар буюу 10.1%-иар өсч,  176 гадаадын иргэн гэмт хэргийн халдлагад өртсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 50-аар буюу 39.6%-иар өссөн байна.

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                            Э.БАТТУЛГА

 

 

 

ОГНОО…………………………………

 

 

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

ОГНОО………………………………