НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН

АЖЛЫН ТАЙЛАН

 

1/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэх 32 иргэн, ААН хүсэлтийг хүлээн авч, стандартын шаардлага хангасан 15 зочид буудал болон дэн буудалд зөвшөөрөл олгож, 3 буудал шаардлага хангаагүй тул хүсэлтийг буцааж, 14 буудалд хугацаатай үүрэг даалгавар өгөөд байна.

 

2/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/196 тоот захирамжийн дагуу тус газраас 5, 6 дугаар сард зохион байгуулах 7 арга хэмжээний төсвийг боловсруулж батлуулав.

 

3/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг 04 дүгээр сарын 15-ны өдөр “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор зохион байгуулав. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хамтран Аялал жуулчлалын салбар хуралдааныг зохион байгуулав.

 

4/ Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчимд сүүдрэвч, мэдээллийн самбар, чиглэл заасан тэмдэг, сандал ширээ байрлуулах зэрэг тохижилтын ажлын зургийг гаргаж төсвийн батлуулав. 05 дугаар сард багтаан тохижилтын ажлыг хийж дуусгана.

 

5/ Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй албаны төлөөлөгчид 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод албан томилолтоор ажиллаж Япон улсын аялал жуулчлалын төр, төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөц, боломжийг танилцуулав. 2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.

 

6/ БНСУ-ын Сөүл хотод 05 дугаар сарын 01-04–ны өдрүүдэд зохион байгуулагдах “Hi Seoul” арга хэмжээнд зориулж Улаанбаатар хотын 2 төрлийн танилцуулгыг солонгос хэл дээр бэлтгэн, А5 хэмжээтэй 8 нүүр бүхий Солонгос хэл дээрх брошурыг 20000ш, А4 хэмжээтэй “Найрсаг Улаанбаатар хотод тавтай морилно уу” нугалбарыг 20000 ширхэгийг хэвлүүлж, БНСУ-д хүргүүлэв.

 

7/ “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл”-ийн төлөөлөгчидтэй 4 дүгээр сард 3 удаа уулзалт зохион байгуулж зах зээл дээр ажиллаж байгаа тур операторууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэн цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.

 

8/ ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын газар, Манжуур хотын Аялал жуулчлалын газраас санаачлан 05 дугаар сарын 08-21-ний өдрүүдэд “Эв найрамдал–тал нутгийн торгоны замын аялал” нэртэй 3 улсын хил дамнасан авто тойрон аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хятад Монголын аялал жуулчлалын зөвлөл, Тэнгэр трэвл ХХК хамтран зохион байгуулах бөгөөд 05 дугаар сарын 16-ны өдөр Хятад Монголын аяллын компаниудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Уг аялал нь нийт 13 хоног үргэлжлэх ба ойролцоогоор 5000 км замыг туулна.

 

9/ “БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлийн судалгаа”-г “Морьт Халиун” ХХК-аар хийлгэхээр гэрээ байгуулсан ба судалгааны ажил бүрэн дуусаж хүлээлцэх шатандаа байна. Мөн энэхүү судалгааг хийлгэж байгаатай холбогдуулан Хятадын жуулчдыг бүлгээр аялуулах горимыг Монголд хэрэгжүүлэх боломж, нөхцөл, эрсдлийг тодорхойлох, бусад орнуудтай харьцуулан санал боловсруулах ажил хийгдэж байна.

 

10/ 2015 оны 06 дугаар сард Хонг Конгд зохион байгуулагдах “ITE Asia” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БОНХАЖЯ, НАЖГ, МИАТ ХК, Жуулчин ХХК, Нью Жуулчин ХХК-иуд оролцох болсонтой холбогдуулан хятад хэл дээрх Улаанбаатар хотын сурталчилгааны материалуудыг бэлтгэж эхлээд байна.

 

11/ Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2015” хөдөлмөрийн яармагийг энэ оны 05 дугаар сарын 08-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

12/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатур” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

13/ Зочид буудлын удирдлагууд болон үйлчилгээний ажилтнуудад зориулан 8 цагийн сургалтын хөтөлбөр, Зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, угаалгын ажилтны 3 товхимол, үйлчилгээний ажилчдын ёс зүйн дүрэм, зочлох үйлчилгээний салбарын 16 мэргэжлийн ажлын байрны тодорхойлолтыг тус тус боловсруулаад байна. Мэргэжлийн холбоодоос санал авсны дараа батална.

 

14/ Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт “Англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг II ээлжээр 2015 оны 04-р сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулж I ээлжинд 28 цагдаа, II ээлжинд 22 цагдаа хамрагдав.

 

15/ Үлэг гүрвэлийн төв музейтэй хамтран “Музейд тайлбар хийх ур чадвар” сургалтыг 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж 23 хөтөч-тайлбарлагч хамрагдав.

 

16/ МАЖХ-ны дэргэдэх “Монгол-Хятадын аялал жуулчлалын зөвлөл”, Аялал жуулчлалын “Guide” төвтэй хамтран “Хятад хэлний хөтөч бэлтгэх” сургалтыг 04 дүгээр сарын 13-26-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 31 хятад хэлтэй хөтөч, тайлбарлагч хамрагдав.

 

17/ “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын аялал жуулчлалын газрын дарга, 80 гаруй мэргэжлийн ажилтан оролцож мэргэжлийн аваргуудыг шалгаруулав. Мөн энэ үеэр БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын аялал жуулчлалын уулзалтыг зохион байгуулав.

 

18/ Аялал жуулчлалын үндэсний төвөөс сар бүрийн Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэдийн мэдээг авч мэдээллийн сандаа оруулж байна. 2015 оны 1 дүгээр улиралд манай улсад ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 53804 буюу 6.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. Бүс нутгаар нь жуулчдыг авч үзвэл Ази болон Номхон далай 32419 буюу 9.4%, Европ 20769 буюу 1.4%, Америк 418 буюу 16.4%, Африк 63 буюу 59.6%-иар тус тус буурч, Ойрхи Дорнод 133 буюу 18.7%-иар өссөн байна. Мөн жуулчдын голлох зах зээлийн эхний 10 орноор БНХАУ-22765, ОХУ-12532, БНСУ-5497, Япон-2130, АНУ-1624, Казакстан-2133, Герман-775, Франц-505, Их Британи-676, Австрали-651 улсууд орсон байна.

 

19/ Жуулчны мэдээллийн төвөөр 4 дүгээр сард нийт 80 гадаадын жуулчин үйлчлүүлсэн ба Мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч байна.

 

20/ Сөүлийн гудамжид шинээр байгуулах “Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв”-ийн зураг төслийг “Гэсү дизайн” компаниар хийлгэхээр гэрээ байгуулж уг мэдээллийн төвийг 06 дугаар сарын 01-нээс өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

21/ “Улаанбаатар хотын сурталчилгааны хөтөч” сэтгүүлийг орос хэл дээр гаргах, Улаанбаатар хотын аялал жуулчлалын ulaanbaatour.mn хуудасны агуулгыг орос хэл дээр орчуулах ажлыг “Габиц” ХХК-иар гэрээгээр гүйцэтгүүлж, ажлын явц 70%-тай байна.

 

22/ Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын Санкт-Петербург хотын дарга Г.С.Полтавченкотой хийсэн уулзалтын мөрөөр хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон 2015 онд хамтран ажиллах 3 чиглэлийн саналыг хүргүүлэв.

 

23/ “Нийслэлийн цахим архив” төрийн архивын онлайн нэгдсэн мэдээллийн санд 2014 онд гарсан тушаалуудыг оруулж дуусгав.

 

24/ “Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн 2014 оны ажлын тоон тайлан” онлайн бүртгэлийн программд шивж оруулав.

 

25/ Дээд газраас 13 бичиг ирснээс 11 хариутай бичгийг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгч шийдвэрлэлт 100%, бусад газраас 20 бичиг ирсэн ба үүнээс хариутай бичиг 19 байснаас 7 бичиг буюу 36%-д нь хариу хүргүүлсэн. 12 бичиг нь хугацаандаа байна.

 

26/ Тус газарт 4 дүгээр сард нийт 12 өргөдөл ирснээс 2 гомдол, 10 хүсэлт байна. Нийт өргөдлийн 7 буюу 58,3%-ийг шийдвэрлэсэн ба 5 өргөдөл хуулийн хугацаандаа байна.

 

27/ Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 5, боловсон хүчний чиглэлээр 2 тушаал гарч, 33 албан бичиг хүргүүлэв.

 

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

 

ТАЙЛАНГ НЭГТГЭСЭН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                         Б.АМАРЗАЯА

 

 

огноо………………………………