“Найрсаг Улаанбаатар” зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээний удирдамж

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд зэрэглэлийн зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гадаад орнуудын мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлах зорилгоор “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээнийг 2014 оны 4 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
БНСУ, ОХУ, БНХАУ, Монголын шилдэг зочид буудлууд оролцох уг тэмцээн нь үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч, өглөөний хоолны тогооч, зөөгч, угаалгын ажилтан гэсэн 6 төрлөөр явагдана.

“НАЙРСАГ УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Нэг. Зорилго, ач холбогдол:
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа дээд зэрэглэлийн зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох, гадаад улс орны ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино.

Хоёр. Тэмцээний төрлүүд:
Олон улсын тэмцээн нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:
– Үйлчилгээний менежер
– Зочин хүлээн авагч
– Өрөөний үйлчлэгч
– Тогооч
– Зөөгч
– Угаалгын ажилтны аварга шалгаруулах тэмцээн
– Зоогийн газрын мастер тогооч нарын “Хоол урлаг” бүтээлийн үзэсгэлэн
– Шилдэг ширээ засалтын үзүүлбэр
– Бартендерийн үзүүлбэр

Гурав. Зохион байгуулагчид:
Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо, хамтран зохион байгуулагчаар Монголын Тогооч нарын холбоо, дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэсүүд ажиллана.

Дөрөв. Хугацаа, зохион байгуулах газар:
“Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн нь 2014 оны 04 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн төвд явагдана.

Тав. Оролцогчдын хамрах хүрээ, бүртгэл:
Тэмцээнд Улаанбаатар хот, бусад аймаг болон гадаад орны 3-с дээш одны зэрэглэл бүхий зочид буудлын ажилтнууд баг болж оролцоно.
Тэмцээнд оролцох зочид буудал нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Тэмцээнд оролцох тухай зочид буудлын захиргааны албан хүсэлт
– Багийн гишүүдийн ажлын байран дээр авхуулсан гэрэл зураг, туршлагын талаарх мэдээлэл бүхий товч анкет
– Багийн гишүүдийн ажлын үнэмлэхийн хуулбар
Оролцогч багуудын бүртгэл 4-р сарын 01-нийг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд явагдана.

Зургаа. Тэмцээний үндсэн шалгаруулалт:
Мэргэжил тус бүрээр ур чадварын уралдаант ажилбарууд явагдах бөгөөд 100 онооны системээр үнэлнэ. Мэргэжлийн төрөл бүрд хамгийн өндөр оноо авсан оролцогч “Ажил мэргэжлийн аварга” цол хүртэх болзол хангана. Багийн оролцогч тус бүрийн авсан онооны нийлбэрээр багийн нийт оноог гаргаж “Мэргэжлийн аварга баг”-ийг шалгаруулна.
Тэмцээнийг зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын шилдэг мэргэжилтэн, багш нар багтсан 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулна.
Мэргэжил бүрийг дараах суурь шалгуураар үнэлнэ.
1. Зочин хүлээн авагчийн төрөлд оролцогчид нь сугалаа сугалж, өгөгдсөн даалгаврыг англи хэл дээр гүйцэтгэнэ.
2. Өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний төрөлд оролцогч нь технологи ажилбарыг нормативын дагуу тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.
3. Зөөгчийн төрөлд оролцогч нь зочинд үйлчлэх, хоол олгох, дарс онгойлгож хундагалах ажиллагааг технологийн дагуу гүйцэтгэнэ.
4. Тогоочийн төрөлд оролцогч нь тогтоосон хугацаанд 3-аас доошгүй төрлийн өглөөний хоолны иж бүрдлийг хийж гүйцэтгэнэ.
5. Угаалгын төрөлд оролцогч нь үндсэн ажилбарыг технологийн дагуу хийж гүйцэтгэнэ.
6. Менежерийн төрөлд оролцогч нь өгөгдсөн даалгаврын дагуу ажил гүйцэтгэж багаар ажиллах, шийдвэр гаргах, илтгэл хэлэлцүүлэх чадвараа үнэлүүлнэ.

Долоо. Шагнал:
– Мэргэжил бүрээр 1-р байр эзэлсэн оролцогчид “Ажил мэргэжлийн аварга” цол өргөмжлөл, мөнгөн шагнал
– Мэргэжил бүрээр 1 оролцогчид тусгай байр өргөмжлөл, мөнгөн шагнал
– Тэргүүн байр эзэлсэн багт “Мэргэжлийн аварга баг” цол, мөнгөн шагнал, шилжин явах цом.